МЯТАВЫН МОГОЙТАР МОНГОЛ УЛСЫН ХӨДӨЛМӨРИЙН БААТАР ЦОЛ ХҮРТЛЭЭ

Булган аймгийн Могод сумын харьяат, Монгол Улсын гавьяат барилгачин, Ардын Их Хурлын депутат Мятавын Могойтар Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол хүртлээ.

М.Могойтар нь Монгол Улсын барилгын салбарт 40 гаруй жил ажиллаж, эх орныхоо бүтээн байгуулалтад хөдөлмөр зүтгэлээ зориулсан ахмад барилгачин юм. Тэрээр Монгол улсын барилгын салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж, олон жил удирдах ажил хашин, үе үеийн барилгачдыг бэлтгэн төлөвшүүлэхэд хүчин зүтгэжээ.

Түүний хөдөлмөр бүтээлийг төр засгаас өндрөөр үнэлж, Монгол Улсын гавьяат барилгачин цол, “Алтан гадас” одон, “Хөдөлмөрийн хүндэт медаль” болон Ардын хувьсгалын ойн медалиудаар шагнаж байсан юм.

Мөн Мятавын Могойтар нь Монгол Улсын шинэ Үндсэн хуулийг батлалцсан түүхэн үйл явдалд Булган аймгаа төлөөлөн оролцсон Ардын Их Хурлын депутат билээ.

Ийнхүү Могод сумын уугуул, ахмад барилгачин Мятавын Могойтарын олон жилийн хөдөлмөр, бүтээн байгуулалтын үйлсийг төрөөс өндрөөр үнэлж, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар хэмээх эрхэм дээд цолоор шагналаа.

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар Мятавын Могойтар танд халуун баяр хүргэж, эрүүл энх, аз жаргал, урт удаан наслахын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.

No photo description available.
Share on facebook
Facebook
Share on twitter
Twitter

Хариулт үлдээнэ үү