АХМАД ҮЕЭ ДЭЭДЛЭН, ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ

Олон улсын ахмадын баярыг тохиолдуулан аймгийн удирдлагууд нутгийнхаа ахмад буурлуудын төлөөллийг хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ.

Энэхүү хүндэтгэлийн арга хэмжээнд аймгийн ИТХ-ын дарга Д.Мэндсайхан, аймгийн Засаг дарга Д.Пүрэв-Очир, Булган сумын ИТХ-ын дарга Л.Ганзориг нар оролцож, ахмад үеийнхэндээ баярын мэндчилгээ өргөн дэвшүүллээ.

Арга хэмжээний үеэр улс орон, аймаг орон нутгийнхаа хөгжил цэцэглэлтэд залуу нас, хөдөлмөр зүтгэлээ зориулсан ахмадуудад Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн дээд одон, медаль хүртээж, олон жилийн хөдөлмөр бүтээлийг нь төр засгаас үнэлсэн баярт мөч тохиолоо.

Мөн аймгийн Засаг дарга Д.Пүрэв-Очир Булган аймгийн түүхт 90 жилийн ойг угтаж хэрэгжүүлэх “90 бүтээлч ажил”-ын төлөвлөгөөг танилцуулж, ирээдүйн хөгжил, бүтээн байгуулалтын зорилтыг ахмад үеийнхэндээ хүргэлээ. Түүнчлэн нутаг орныхоо түүх, уламжлал, хөгжлийн замналд үнэтэй хувь нэмэр оруулсан ахмад үеийнхний мэдлэг, туршлагыг цаашдын үйл хэрэгтээ түшиг болгон ажиллахын ач холбогдлыг тэмдэглэлээ.

Ахмад үеийнхэн бол өнгөрсөн цагийн түүхийг бүтээлцэж, өнөөдрийн хөгжил дэвшилд хүрэх замыг зассан хөдөлмөр бүтээлийн эзэд билээ. Тэдний амьдралын туршлага, ажил үйлс, сургаал зөвлөгөө нь хойч үедээ өвлүүлэн үлдээх үнэт зүйл бөгөөд үе хоорондын залгамж чанарыг хадгалан авч явахад чухал байр суурь эзэлдэг.

Төрөлх нутаг, улс орныхоо төлөө хөдөлмөрлөж, бүтээж ирсэн ахмад буурлуудынхаа гавьяа зүтгэлийг хүндэтгэн дээдэлж, тэдний үнэтэй сургаал, арвин туршлагыг залуу үедээ өвлүүлэн уламжлуулах нь бидний хүндтэй үүрэг юм.

Булган сумын нийт ахмад буурлууддаа Олон улсын ахмадын баярын халуун мэндийг өргөн дэвшүүлж, эрүүл энх, амар амгалан, аз жаргал дүүрэн байхын өлзийтэй ерөөлийг өргөн барья.

Share on facebook
Facebook
Share on twitter
Twitter

Хариулт үлдээнэ үү