Үүсэл хөгжил
1931-1961 ОНЫ БУЛГАН СУМ
Булган аймгийн Булган сум нь засаг захиргааны нэгжийн хувьд 1924-1931 онд Булган хан уулын хошуу гэж нэрлэгдэж байгаад 1931 онд улс даяар засаг захиргааны зохион байгуулалтанд өөрчлөлт хийгдэж Богд хан уул аймгийн хойд талын хошуудаар газар тариалангийн аймаг байгуулагдахад Булган хан уулын хошуу нь Сэлэнгэ аймагт харъяалагдан Булган сум болсон байна.
Булган сумын анхны даргаар Орхон, шувуутын голоор нутагтай Гомбо, нарийн бичгийн даргаар Лхам нар сонгогдон ажиллаж байсан байна. Тухайн үед сумын Засаг захиргааны дээд байгууллага нь ардын төлөөлөгчдийн хурал, түүнээс сумын захиргааг сонгож байгуулдаг байжээ. Суманд МАХН, МХЗЭ болон үйлдвэрчний үүр, бага сургууль, улаан булан /улаан гэр/ байсаны дээр зарц нарын, бурхангүйчүүдийн эвлэлийн үүр хэмээх олон нийтийн байгууллагууд үйл ажиллагаа явуулж байсан байна.1931-1937 онд Булган сум нь 10 баг, 861 өрх, 70000 гаруй толгой малтай байсан бөгөөд нутгийн хил нь хойд тал нь Хан жаргалант, урд тал нь Шувуутын гол, баруун тал нь Өрөмийн нуур, зүүн тал нь Дундатын гол байв гэж түүхийн бичиг баримтанд дурдсан байна.
1937 онд Булган аймаг байгуулах тухай БНМАУ-ын СнЗ-ийн 1937 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн тогтоолд “Сэлэнгэ аймгийн Булган сумын төв Булганы хүрээ бол хүн ам олноор хуралдан суурьшиж, барилга байгууламж ихээхэн цогцлон тогтсон, худалдаа аж ахуйн байгууллагууд бөөгнөрсөн улсын болон олон нийтийн байгууллагууд эрдэм соёл, аж ахуйн төв болж буй за… Сэлэнгэ аймгийн баруун захад байх нь уул аймгаас алслагдсан аливаа хэрэгт ихээхэн дөхөмтэй байдал тохиолдсоор буй тул Сэлэнгэ аймгийн баруун талын хэдэн сумдыг тусгайлан нэгэн аймаг болгож мөн аймгийн төвийг Булган сумын газраа суурьшуулах…” нь зүйтэй гэж заажээ. 1938 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр Булган аймаг байгуулагдсанаар Ачуут голын хөвөөнд Булган хот сүндэрлэн босох ажил эхэлжээ.
Булган сумын захиргаа нь тамгын толгой дээр байрлаж үйл ажиллагаа явуулж байсан бөгөөд 1945 онд агуулахын товог дээр шинэ байшинд, 1970-аад оны дундуур банкны хуучин байшин, 1992 оноос аймгийн АДХГ захиргааны хуучин байшинд шилжин байрласан байна.
Булган хотод хамгийн анх 10 телефон, 20 радио цэгтэй утасны хороо, дотоод яамны тусгай хэлтэс, аймгийн яам, гар үйлдвэрийн төлөөлөгч, ус цаг уурын станц, аймгийн клуб зэрэг барилгууд баригджээ.
Булган хотод анхны үйлдвэрийг 1937 онд хар болсон лам нар хөдөлмөрийн багаж хэрэгсэлээ нийгэмчлэн байгуулж байсан байна.
1944 онд номын сан, 1946 онд нүүдлийн киноны цэг, гэрэл зургийн салбар, 1948 онд идэш тэжээлийн комбинат байгуулагдаж 1954 онд албан хаагчдын субботникаар 3000 мод тарьж 1957, 1958 онд бөх, хурдан морь, сур харвагч, эцэг малын баримлууд баригдаж одоогийн төв цэцэрлэгт хүрээлэн бий болсон байна.
1958-1962 онд соёлын ордон, зочид буудал, амбулатори /сүүлд орон сууц болсон/, польш 12 зэрэг орон сууц барилга байгууламжууд баригдсан байна.
1925 онд байгуулагдсан “Тээхийн буудал” 1949 онд Авто өртөө, 1951 онд авто тээврийн 8-р бааз болон хөгжиж, 1958 онд 2-5 давхар барилгатай 200 гаруй хүн ажилладаг “Гурил тэжээлийн үйлдвэр”сүндэрлэн боссон байна.
Тухайн үед 1000 орчим сурагчдтай 10 жилийн дунд сургууль, 370-иад сурагчтай бага сургууль, 300 гаруй хүүхэд өсөж хүмүүждэг 3 цэцэрлэг, ясль байгуулагдсан байна.
1956 онд газар зохион байгуулалтаар Булган сумыг Булган хороо болгон сумын зүүн талын 2, 4-р багийг Цонхлон /Бугат/, Халиун сумдад, Орхон голын өмнөх 7, 9-р багийг Бүрэгхангай суманд, Өрөмийн адгийн 8, 10-р багийг Сайхан суманд, хойд талын 5, 6-р багийг Сэлэнгэ /Харгана/ суманд тус тус шилжүүлэн төвийн 1, 3-р багаар Булган хороог байгуулж нутаг дэвсгэрийн хойд цэг нь Ачуутын овоо, зүүн цэг нь Мээж уул, урд цэг нь Хайлааст “Өндөр” хөтөл, Баруун цэг нь Булган хан уул болж нийт 8860 га газар нутаг эзэмших болсон.
1961-1992 ОНЫ БУЛГАН ХОТ
БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн 1961 оны 6-р сарын 20-ны өдрийн 136 дугаар зарлигаар Булган аймгийн төвийг “Булган хот” болгосон байна.
Булган хот нь 1961-1991 оны хоорондох 30 жилд маш хурдацтай хөгжин орчин цагийн хотын нэгэн болсон байна.1960-аад оны дунд үеээс 3 давхар 36 айлын 2 орон сууц, банкны 2 давхар, 10 жилийн дунд сургууль зэрэг олон барилгууд сүндэрлэн боссон байна.
1970 онд Хотын төв талбайд улсын баатар С.Лхагвадоржийн морьтой хөшөө босгож, төв талбайг түүний нэрэмжит болгон цардаж гэрэлтүүлэгтэй болгосон байна. 1971 оноос Буриадын Закаменск аймгийн барилагчид голын цэнгэлдэх /наадмын талбай/, Нисэх онгоцны буудал, хотын дотор 1400 м урт цардмал замтай болгосон байна.
1979 онд Эрдэнэт-Булган-Дашинчилэнгийн радио релейний шугам тавигдаж ард түмэн зурагт радио үздэг боллоо.
1980-аад оны эхнээс 24, 27, 36 айлын тохилог орон сууцны 5 барилга, 8-н жилийн сургууль, нэгдсэн эмнэлэг, 100, 120 хүүхдийн цэцэрлэг, барилгын контор зэрэг байгууламжууд баригдсан байна.
БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн зарлигаар Булган хот болж байх үед 546 өрх, 4382 хүн амтай байсан байна.
Засаг захиргааны хувьд хотыг 1962 онд гудамж, орон сууцны 3 хороолол, 1982 оноос 6 хороолол болгон зохион байгуулсан байна. 1970-аад оноос хорооллын айлууд өвөл, зуны дүнзэн байшин барьж суух болсон байна.