БУЛГАН АЙМГИЙН БУЛГАН СУМЫН
ДОЛООДУГААР ЦЭЦЭРЛЭГИЙН ТОВЧ ТАНИЛЦУУЛГА
АЛСЫН ХАРАА
Хөгжлийн чиг хандлагад тулгуурлан өөрийн гэсэн өнгө төрхтэй болж, иргэдийн итгэл хүлээсэн “ХҮҮХДЭД ЭЭЛТЭЙ ЦЭЦЭРЛЭГ” болно.
ҮЗЭЛ БАРИМТЛАЛ
Хамтын оролцоотой сонирхолтой, сонголттой орчинд хүүхэд нэг бүрийн бүтээлч үйлээр хөгжих хөгжлийг дэмжинэ.
Манай цэцэрлэг нь 1977 онд анх 5 бүлэгтэй, 125 хүүхэд, 14 багш ажиллагсадтайгаар байгуулагдаж ба 2000 онд Булган аймгийн Булган сумын шинэ хороо буюу одоогийн 1-р багт 30 хүүхдийн хүчин чадалтай цэцэрлэг ашиглалтанд орж 2 салбар, 6 бүлэг, 23 ажилтантай болж өргөжсөн.
Одоогоор 7 бүлэг, 180 гаруй хүүхэд, 29 багш ажиллагсадтайгаар СӨБ олгох сургалт, үйл ажиллагааг хэрэгжүүлэн ажиллаж байна.
Сүүлийн 4 жилийн хугацаанд сургалт үйл ажиллагааны чанарыг сайжруулах чиглэлээр амжилттай ажиллаж, хичээлийн судалгааг улирал тутам хийн хэлэлцүүлэг зохион байгуулж үр дүнд хүрэн ажиллаж байна.
Бидний ажлын амжилтын гол үндэс нь өдөр тутмын жигд үйл ажиллагааг ханган ажиллаж, хүн бүр өөрийн хариуцсан ажилдаа эзэн нь байж чаддагт оршино.Манай хамт олон цаашид СӨБ-ын сургалтын сайжруулсан хөтөлбөрийн сургалтын төлөвлөлтийг хэрэгжүүлэх үйл явцдаа өөрийн цэцэрлэгийн онцлог болох “Бүтээлч үйл”-ийн хөтөлбөрийг хэрэгжүүлэн чанарын ахиц гарган, үйлчилгээндээ бүтээмжийн үйл ажиллагааг бүтээлчээр хэрэгжүүлэн ажиллаж, “СУРАЛЦАГЧ БАЙГУУЛЛАГА” болох зорилт тавин ажиллаж байна.
“Сонголттой, сонирхолтой орчинд хүүхдийн бүтээлч үйлээр хөгжих хөгжлийг дэмжинэ” гэсэн цэцэрлэгийн үзэл баримтлалын хүрээнд хүүхэд нэг бүрийг “БҮТЭЭЛЧ ХӨГЖИЛ”, “МОГОЙ ШОО”, “ЭВ ДОЛОО” болон хүүхдийн баруун зүүн тархийг хөгжүүлэх “СПОРТ ӨРӨЛТИЙН АЯГА” зэргийг судлан судалгааны үндсэн дээр сургалт үйл ажиллагаандаа 2-4 жил ашиглан “БҮТЭЭЛЧ ХӨГЖИЛ” хөтөлбөрийг тус тус боловсруулж, хөтөлбөрийн хүрээнд хүүхэд бүрийн бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх зорилгоор “МОГОЙ ШОО”, “ЭВ ДОЛОО” тоглоомын сургалтын хэрэглэгдэхүүн болгон ашиглахуйцаар түүнтэй холбогдуулан ном бүтээх, зурган карт, үзүүлэн, тараах материал, аргачлал, цахим контент, цахим хичээлүүдийг боловсруулан хүүхэд эцэг эх олон нийтэд түгээн дэлгэрүүлэн ажиллаж байгаа нь бусад цэцэрлэгүүдээс онцлог юм.
Цэцэрлэгийн хэмжээнд спорт өрөлтийн аягаар хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх ажлыг 3 дахь жилдээ амжилттай хэрэгжүүлэн ажиллаж байна. Энэ спортын гол зорилго нь зориулалтын 12 ширхэг хуванцар аягыг тусгай дарааллын дагуу хамгийн богино хугацаанд дээр дээрээс нь давхарлаж өрөн, буцааж хураах үйл явц юм.
Мөн өрөлт хийх үед үндсэн 70 гаруй хөдөлгөөнийг хийдэг тул хүүхэд идэвхтэй, бие бялдарын хувьд эрүүл байх үндэс болно. Түүнчлэн хоёр гарыг тэнцвэртэй ашигладаг учир хоёр тархийг идэвхжүүлэхэд онцгой нөлөөтэй. Мөн тархийг нь сэргээж, урам зоригийг нь нэмэгдүүлдэг. Бүлэг бүрийн хүүхэд спорт өрөлтийн аягатай ба гэртээ аягатай болох ажлыг энэ хичээлийн жилд өрнүүлэн эцэг эхчүүд маань хүүхэдтэйгээ хамтран энэхүү спортоор хичээллэх, хамтдаа хөгжсөн сайшаалтай ажил болсон.