БУЛГАН СУМ

   Булган аймгийн Булган сум нь засаг захиргааны нэгжийн хувьд 1924-1931 онд Булган хан уулын хошуу гэж нэрлэгдэж байгаад 1931 онд улс даяар засаг захиргааны зохион байгуулалтанд өөрчлөлт хийгдэж Богд хан уул аймгийн хойд талын хошуудаар газар тариалангийн аймаг байгуулагдахад Булган хан уулын хошуу нь Сэлэнгэ аймагт харъяалагдан Булган сум болсон байна. 1956 онд газар зохион байгуулалтаар Булган сумыг Булган хороо болгон сумын зүүн талын 2, 4-р багийг Цонхлон /Бугат/, Халиун сумдад, Орхон голын өмнөх 7, 9-р багийг Бүрэгхангай суманд, Өрөмийн адгийн 8, 10-р багийг Сайхан суманд, хойд талын 5, 6-р багийг Сэлэнгэ /Харгана/ суманд тус тус шилжүүлэн төвийн 1, 3-р багаар Булган хороог байгуулж нутаг дэвсгэрийн хойд цэг нь Ачуутын овоо, зүүн цэг нь Мээж уул, урд цэг нь Хайлааст “Өндөр” хөтөл, Баруун цэг нь Булган хан уул болж одоогийн Булган сум нь өнөөдрийн байдлаар 3839 өрхийн 12966 мянган хүн амтай 9799 га газар нутагт засаг захиргааны анхан шатны нэгжийн 6 багтай, нутгийн өөрөө удирдах байгууллага сумын ИТХ-ын 31 төлөөлөгч, 3 орон тооны ажилтантай, нутгийн захиргааны байгууллага ЗДТГ-т 50 ажилтан ажилладаг. Үүнээс улс төрийн албан хаагч 8, төрийн захиргааны албан хаагч 17, төрийн үйлчилгээний албан хаагч 25 байна.

ХАА, Газар тариалан

Булган сум  68360 толгой малтай  бөгөөд үүнээс адуу 7664, үхэр 7274, хонь 29614, ямаа 23808 толгой байна. Жилд дундажаар 42 гад төмс, хүнсний ногоо тариалдаг, ба 510  тн ургац хураан авдаг.

Сумын хэмжээнд 2075 га бэлчээрийн талбайтай бөгөөд малчдын түвшинд зэргэлдээ сумдаас 3600 тн хадлан бэлтгэдэг

Аж ахуйн нэгж байгууллага

Булган сумын хэмжээнд 543 аж ахуйн нэгж, байгууллага ажиллаж байгаагаас ХК 3, ХХК 333, Хоршоо 37, ТӨҮГ 2, салбар 36, төсөвт байгууллага 52, ТББ 52, шашны байгууллага  4, ОНБ 20 үйл ажиллагаа явуулдаг байна.

Шинжлэх ухаан, боловсрол

   Булган суманд Чин Ван Ханддоржийн нэрэмжит Эрдмийн өргөө цогцолбор сургууль, 12 жилийн 1 дүгээр  бүрэн дунд сургууль, 3-р 12 жилийн сургууль, Үндэсний спортын ууган гавьяат мастер,  Дархан аварга Б.Түвдэндоржийн нэрэмжит Спортын дунд сургуульд  3281  суралцагч, 308 багш ажиллагсад ажиллаж байна.

Сургуулийн өмнөх боловсрол олгох 6 цэцэрлэгт 801  гаруй  хүүхэд хүмүүжиж  143 багш ажилчид бяцхан үрсийн төлөө ажиллаж байна.

Эрүүл мэнд

    Эрүүл мэндийн салбарт нийт 67 их эмч, сувилагч 72, эмнэлгийн тусгай 36, бусад 68 хүн ажиллаж байна. Аймгийн нэгдсэн эмнэлэг нь 149 ортой.

Булган суманд аймгийн Нэгдсэн эмнэлэг, 2 өрхийн эрүүл мэндийн төв, хувийн хэвшлийн 6 эмнэлэг, 9 эмийн сан үйл ажиллагаа явуулж ард иргэдэд эмнэлгийн тусламж үйлчилгээг түргэн шуурхай хүргэж байна.

Зам тээвэр, холбоо, мэдээлэл харилцаа

    Булган сумын төв нь 18.6 км асфальтан зам, 6.8 км явган хүний замтай. ЭР-БУ-Уньтийн чиглэлийн хар зам дайран өнгөрдөг дэд бүтцийн тааламжтай сум юм. Сумын төвд таксийн үйлчилгээний “Булган жолоо” ХХК, Залман хангай ХХК зэрэг компаниуд таксигаар иргэдэд үйлчилдэг байна.

БУЛГАН ХОТЫН ИРГЭН, БУЛГАН ХОТООР ОВОГЛОСОН АЛДАРТАН ГАВЪЯАТНУУД

  1. БНМАУ-ын Хөдөлмөрийн баатар, Гавъяат барилгачин-Даваасамбуугийн Дагвасамбуу
  2. БНМАУ-ын гавъяат багш-Гомбын Сүрэн
  3. БНМАУ-ын гавъяат жүжигчин Дашбалдангийн Пүрэвсүрэн
  4. БНМАУ-ын гавъяат тээвэрчин-Цэрэнжамцын Ямааранз
  5. БНМАУ-ын гавъяат жүжигчин Бадарчийн Саранчимэг
  6. БНМАУ-ын хүний гавъяат эмч-Ц.Цэрэндорж
  7. Нийтийн аж ахуйн үйлчилгээний гавъяат ажилтан-Ш.Долгор
  8. Соёлын гавъяат зүтгэлтэн доктор, профессор-Дондогийн Дагвадорж
  9. БНМАУ-ын гавъяат барилгачин-М.Могойтар
  10. Соёлын гавъяат зүтгэлтэн-Жамцын Нанзадсүрэн
  11. Монгол улсын гавъяат багш-Шинэнгийн Энхтуяа
  12. Монгол улсын гавъяат багш-Шаравын Шийтэр
  13. Монгол улсын гавъяат жүжигчин-Банзарын Баасанжав
  14. Монгол улсын гавъяат багш-Даваасүрэнгийн Ганчимэг
  15. Монгол улсын гавъяат багш-Жамцын Баасанжав
  16. Монгол улсын хүний гавъяат эмч-Дамбын Лхагвасүрэн
  17. Монгол улсын хүний гавъяат эмч-Жамцын Хишигсүрэн
  18. Монгол улсын гавъяат жүжигчин-Жанчивын Гантөмөр
  19. Монгол улсын гавъяат багш-Цэндсүрэнгийн Гомбожав
  20. Монгол улсын гавъяат багш-Гомбожавын Банзрагч

Аялал жуулчлал, түүхийн дурсгалт газрууд

Булган суманд аялал жуулчлал, байгалийн үзэсгэлэнт газар, амралт чөлөөт цагийг өнгөрүүлэх “Анаг тур”, “Булган хаус” зэрэг томоохон амралт, аялал жуулчлалын баазууд ажиллаж байна.

Булган сумын ойролцоо Хүн чулууний хөшөө, Монголд алдартай “Цагаан суварга”, Хатанбаатар Магсаржавын бунхан, Бурхан багшийн энергийн цэцэрлэгт хүрээлэн, Диваажин сүм болон Булган аймгийн алдартангуудын хөшөө баримал, дурсгалт газрууд байна.