БУЛГАН АЙМГИЙН БУЛГАН СУМЫН
ЗУРГААДУГААР ЦЭЦЭРЛЭГИЙН ТОВЧ ТАНИЛЦУУЛГА
Тус цэцэрлэгийн барилга 1974 онд анх ашиглалтанд орж Д.Чанцал эрхлэгчтэй 19 ажилчинтай үйл ажиллагаагаа эхэлсэн байна.125 хүүхдийн хүчин чадалтай бага бүлэг 2, дунд, ахлах, бэлтгэл бүлэг тус бүр нэгтэй нээгдэж анхны хүүхдээ хүлээн авсанаас хойш, олон мянган хүүхдийг сурган хүмүүжүүлж сургуульд амжилттай бэлтгэн ирлээ. Эдүгээ тус цэцэрлэг нь АБТАжилтан Ц.Баярмаа эрхлэгчтэй 125 хүүхдийн хүчин чадалтай арга зүйч, бүлгийн багш 5, хөгжмийн багш, туслах багш 5, тогооч 2, нярав, үйлчлэгч, угаагч, манаач 4 гэсэн 23 хүний бүрэлдэхүүнтэй үйл ажиллагаа явуулж байна.
Багшлах боловсон хүчний хувьд 100% мэргэжлийн багштай, нийт багш нарын 75%-н магистр болон мэргэжлийн зэрэгтэй бөгөөд багш ажиллагсадаа чадвахжуулах талаар олон ажил төлөвлөн явуулж байна.
Боловсролын чанарын шинэчлэлийн бодлогын хүрээнд хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх ээлтэй, аюулгүй, хүртээмжтэй орчин бүрдүүлэх зорилгоор олон шинэлэг ажил санаачлан ажиллаж байна. 2017 онд Туркийн олон улсын хамтын ажиллагаан /TIKA/- ийн хөрөнгө оруулалтаар нийт 75 сая төгрөгний засварын ажлыг хийсэн. Хог хаягдлыг бууруулах, хүүхдэд байгальд ээлтэй дадал хандлагыг төлөвшүүлэх, эко шийдэл бүхий “Багачуудын ногоон ордон” төслийг /2018 онд/ амжилттай хэрэгжүүлсэн зэрэг материаллаг баазыг сайжруулах ажлыг жилээс жилд эрчимжүүлж өнөөдөр тохилог сайхан орчин бүхий цэцэрлэг болон хөгжиж байна.
Хүүхэд нэг бүрийг эх оронч сэтгэлгээтэй, монгол бахархалтай, үндэсний соёл уламжлалыг дээдэлсэн иргэн болгон хөгжүүлэх бодлогыг хэрэгжүүлэх чиглэлийг цэцэрлэгийнхээ үзэл баримтлалдаа шингээн үйл ажиллагаагаа төлөвлөн зохион байгуулан ажиллаж байна. Өөрсдийн дотоод нөөц бололцоогоор “Ёс заншилын өргөө”-г байгуулж монголчуудын эдлэж хэрэглэж байсан ахуйн эд эдлэл, үндэсний тоглоом наадгайгаар баяжуулан тохижуулж байна.
Цэцэрлэгийн хүүхдүүдийн дунд хүүхэд нэг бүрийг хамарсан “Алтан намар” найрал дууны тэмцээн, “Дээлтэй Монгол” ардын урлагын бага наадам, “Үлгэрийн баатар амилсан нь”, “Тамирчин бүлэг” зэрэг уралдаан тэмцээнүүдийг жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг.