Булган аймгийн Булган сумын “Рашаант” 4-р багт байрших цэвэрлэх байгууламжийн саарал ус хуримтлуулах талбайн далан 2026 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр задарч осол гарлаа.
Булган сумын Засаг даргын Тамгын газар, Тохижилт үйлчилгээний ангиас нийт 30 албан хаагч, 3 техник хэргэсэлтэй ажиллаж шуурхай арга хэмжээ авсан. Мөн нөхцөл байдалтай холбогдуулан аймгийн Шуурхай штабын даргаар ахлуулсан аймгийн Онцгой комиссын гишүүд, Онцгой байдлын газар, Мал эмнэлгийн газар, Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар, Байгаль орчны газар, Ус цаг уур орчны шинжилгээний газар, “Булган Мээж” ОНӨХХК, Булган АЗЗА зэрэг байгууллагуудын 100 гаруй албан хаагч, 12 техник хэрэгсэлтэйгээр газар дээр нь шуурхай ажиллаж, далангийн эвдрэлийг засварлан, саарал ус урссан хэсгийн нөлөөлөлд өртсөн айл өрхийн хашаа, хөрс, ариун цэврийн байгууламжид ариутгал, халдваргүйжүүлэлтийг хийж гүйцэтгэлээ.
Мөн Ачуут голын сав дагуу байрлах малчин өрхүүдэд сэрэмжлүүлэг, зөвлөмж хүргэж ажиллаж байна.
Булган сумын ЗДТГазар




