Булган аймгийн Булган сумын Засаг Даргын Тамгын Газар

ХУЛГАЙЛАХ ГЭМТ ХЭРЭГ ГЭЖ ЮУ ВЭ?

     “ Хулгайлах” гэдэг нь бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан үйлдлийг хэлнэ.

     Хулгайлах гэмт хэргийн субъект нь хэрэг хариуцах чадвартай, тухайн эд хөрөнгийг захиран зарцуулах эрхгүй Монгол Улсын иргэн, гадаад улсын харьяат, харьялалгүй этгээд байж болно.

Монгол улсын Эрүүгийн хуульд зааснаар
17.1 дүгээр зүйл.Хулгайлах

1.Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан бол хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

/Энэ хэсгийг 2017 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

2.Энэ гэмт хэргийг:

2.1.Хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч;

2.2.Түүх, соёл, шинжлэх ухаан, техник, технологийн хөгжилд чухал ач холбогдолтойд тооцож тусгайлан хамгаалсан эд зүйлсийг хулгайлж;

2.3.Ноцтой хохирол учруулж, их хэмжээний эд хөрөнгийг хулгайлж;

2.4.Учрах саадыг арилгах зорилгоор зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж, машин механизм ашиглаж үйлдсэн бол хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

3.Энэ гэмт хэргийг:

3.1.Байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон;

3.2.Зохион байгуулалттай гэмт бүлэг үйлдсэн бол таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

Тайлбар: -Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан үйлдлийн улмаас бага хэмжээний хохирол учруулсан бол гэмт хэрэг үйлдсэнд тооцохгүй. Энэ зүйлийн 2, 3 дахь хэсэгт энэ тайлбар хамаарахгүй.

Зөрчлийн тухай хуулиар халаасны хулгайн гэмт хэрэг үйлдсэн хүмүүст ямар ял шийтгэл ногдуулж байгаа вэ?
       2017-07-01-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн Зөрчлийн тухай хуулиар 7-30 хоног баривчлах буюу албадан сургалтанд хамруулах заалттай болсон. Энэ үйлдлийг хоёр ба түүнээс дээш удаа дараа үйлдсэн бол байнга үйлдэж амьдралын эх үүсвэрээ болгосон гээд Эрүүгийн хуулийн 17.3.1-ээр 5-12 жил хорих ялаар шийтгүүлнэ гэж заасан байгаа.
Халаасны хулгайн гэмт хэрэг бүлэг зохион байгуулалттай үйлдэгддэг. Хоёр ба түүнээс дээш этгээдүүд үйлддэг. Иймээс хүндрүүлэх нөхцөл шалтгаантайгаар эрүүгийн хэрэг үүсгээд шалгаж шийдвэрлэдэг.

Иргэддээ хандаж хүргэх сэрэмжлүүлэг

Иргэд хулгайчдыг мэдээлэхээс эсвэл юмыг чинь хулгайлаад байна гэж хэлэхээс айгаад байдаг. Хэрвээ хулгай хийж байхыг нь харсан тохиолдолд хэрхэн мэдэгдэж болох вэ?

Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хуульд гэмт хэргийн шинжтэй мэдээллийг худалдаж авна гэж заасан байдаг. Тэгснээр иргэн гэмт хэргийн мэдээлэл өгснөөр тодорхой хэмжээний мөнгөн урамшуулал авдаг. Цагдаад нууцаар буюу бичгээр, ил утсаар ч мэдээлж болно. Ингэхдээ өөрийн овог нэрийг тэмдэглүүлэхгүй байх боломжтой. Мөн иргэний үүргээ биелүүлэх зорилгоор хулгайн гэмт хэрэгтэй таарсан, харсан тохиолдолд 7034102, 943331102 дугаарын утсанд мэдээлэх боломжтой.

Хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэхийн тулд:

v    Айл өрх, иргэд Хөршийн холбоо, бүлэг байгуулан хяналт тавьж байх

v    Иргэд өөрийнхөө өмч хөрөнгийг хамгаалах үүргээ биелүүлж гэр орноо удаан хугацаагаар орхих тохиолдолд айл хөршдөө мэдэгдэх мөн эд зүйлээ найдвартай газар хадгалах

v    Гудамжиндаа гэрэлтүүлэг тавих болон камержуулах ажлыг гудамж хэсэг багаараа нэгдэж хөдөлгөөн өрнүүлж шийдвэрлэх

v    Айл өрх гэртээ байгаа үнэт эд зүйлээ зурагжуулах, хадгалах

v    “Сайн хөрш хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх ажилд хамтран ажиллах

Цагдаа амар амгаланг сахиулах, гэмт хэргийг илрүүлэх, таслан зогсоож, гаралтыг нь бууруулах, иргэдийг амар тайван байлгах нөхцөл боломжийг нь бүрдүүлэх үндсэн чиг  үүрэгтэй.  Улс эх орны эдийн засгийн  хямрал, ажилгүйдэл өссөн, иргэдийн орлого багассан,  нэмэгдэхгүй, эсвэл улирлын шинж чанартай ажиллаж байгаа нь энэ төрлийн гэмт хэрэг өсөхөд нөлөөлж байгаа. Гэхдээ энэ бүхнээс гарах арга зам нь бол хулгай биш гэдгийг иргэд, байгууллагууд анхаарч хараа хяналтаа сайжруулах шаардлагатай байна.

 

 

 

    Санал асуулга

    Булган сумын ЗДТГ-ын үйл ажиллагаанд үнэлгээ өгнө үү.

    Үр дүнг харуулах

    Вэб холбоос

    Цаг агаар