Булган аймгийн Булган сумын Засаг Даргын Тамгын Газар

БУЛГАН СУМЫН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР

    Сумын нутаг дэвсгэрт Засаг захиргааны нэгж, нутгийн захиргааны байгууллагын өөрчлөлт шинэчлэлийг 1992 онд батлагдсан шинэ Үндсэн хууль болон “Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай” хуулийн дагуу шинэ тогтолцоогоор хэрэгжүүлж ирсэн бөгөөд сумын түүхийн өнгөрсөн хугацааны нэлээд он жилүүдэд тухайлбал, дунд үе буюу 1961 оноос хойш 31 жил үйл ажиллагаа явуулж ирсэн Булган хотыг шинэ Үндсэн хуулийн 4 дүгээр бүлгийн 57 дугаар зүйлийн 1-д “Монол улсын нутаг дэвсгэр засаг захиргааны хувьд аймаг, нийслэлд, аймаг нь суманд, сум нь багт, нийслэл нь дүүрэгт, дүүрэг нь хороонд хуваагдана” гэсний дагуу Булган сум хэмээн нэрлэх болсон. Энэ бол зөвхөн нэг үгийг нөгөөгөөр сольж хотыг сум гэх болсон нэрийн өөрчлөлт төдий биш ард иргэдэд төрийн үйлчилгээг хүргэх, засаг захиргааны анхан шатны байгууллагын бүтэц, зохион байгуулалтыг өөрчилж түүний үйл ажиллагааны чиг үүргийг өргөтгөсөн улс төрийн болон засаглалын шинэ тогтолцоо, шинэ өөрчлөлт байсан.

        Булган сумын ЗДТГ нь туулан өнгөрүүлсэн 80 жилийн түүхийнхээ ерээд оноос өмнөх жилүүдэд иргэд олон нийт орон нутгийн удирдлагыг сумын дарга, хороо, хотын дарга хэмээн нэрлэж байсан нь албаны хэллэгээр бол хөдөлмөрчдийн болон АДХ-ын гүйцэтгэх захиргааны дарга гэдэг байв. Шинэ Үндсэн хуулийн дагуу нутгийн захиргааны байгууллагын тогтолцоонд хийсэн өөрчлөлтөөр Засаг дарга гэх болсон бөгөөд сумын ИТХ-ын хуралдаанаас нэрийг нь дэвшүүлэн аймгийн Засаг даргад уламжилж томилуулдаг тогтолцоонд шилжсэн. Сумын Засаг дарга бол “...харьяалах нутаг дэвсгэртээ төрийн удирдлагыг хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий төрийн төлөөлөгч мөн” хэмээн хуулиар тодорхойлжээ. Шинэ зохион байгуулалтад орсон Булган сумын тэрхүү төрийн төлөөлөгч буюу Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг орон нутгийн хурлын анхдугаар сонгуулиар бүрдсэн сумын ИТХ-ын 1992 оны 9 дүгээр сарын 28-нд болсон анхдугаар хуралдаанаар хэлэлцсэн байна. Үндсэн хуулийн 57 дугаар зүйлийн 2 ба “Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай” хуулийн 23 дугаар зүйлийн 3-т заасны дагуу сумын Засаг даргаар Н.Дашдондогийн нэрийг дэвшүүлэн аймгийн Засаг дарга Л.Жавзмаад уламжилжилжээ. Аймгийн Засаг дарга 1992 оны 10 дугаар сарын 01-нд гаргасан 01 тоот захирамжийнхаа 2 дахь заалтаар түүнийг Булган сумын Засаг даргаар томилсон байна. Тийнхүү нэр дэвшиж томилогдсон Засаг дарга Н.Дашдондог хуулийн дагуу аймгийн Засаг даргатай зөвшилцсөний үндсэн дээр сумын ИТХ-ын төлөөлөгч Д.Хайдавыг орлогч дарга болгон мөн захирамж гаргаж тамгын газрын даргаар Р.Төмөрбаатарыг томилон ажиллуулжээ. Засаг даргын орлогчийн албан тушаал нь шинэ орон тоо байсан бол тамгын газрын дарга нь урьд жилүүдэд ажиллаж байсан АДХ-ын гүйцэтгэх захиргааны нарийн бичгийн бичгийн даргын чиг үүргийг өргөтгөн шинэчилсэн албан тушаал байв. Энэхүү шинэчлэл өөрчлөлтийн дагуу Булган сумын Засаг даргаар Н.Дашдондог, Д.Хайдав, Р.Түнжин, М.Саруулзам, Ж.Бадамдорж нар ажиллаж байсан бол 2012 оноос хойш Ө.Хүрэлбаатар, орлогч даргаар Д.Хайдав, А.Ганболд, Б.Саранчимэг, Ч.Дорж, Б.Баттөгс, Д.Баасансүрэн, Б.Одхүү, тамгын газрын даргаар Р.Төмөрбаатар, Л.Ганболд, Д.Эрдмаа, Ш.Мягмаржав, Л.Зундуй, Д.Наранбаяр нар ажиллаж ирлээ. Одоогийн байдлаар сумын Засаг даргаар Р.Түнжин хамгийн олон буюу 6 жил ажиллажээ. Мөн орлогч дарга нараас Б.Саранчимэг, Б.Баттөгс нар 1 жил, Ч.Дорж, Д.Баасансүрэн нар 5-аас дээш жил ажилласан бол тамгын газрын дарга нараас Д.Эрдмаа, Л.Ганболд нар 1-2 жил, Л.Зундуй 5 жил, Д.Наранбаяр 10 жил ажиллаж байна

            1992 онд баталсан Үндсэн хуулийн 61 дүгээр зүйлийн 4-т “... Засаг даргын ажлын алба нь тамгын газар мөн” гэсэн бөгөөд “Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай” хуулийн 33 дугаар зүйлд тодорхойлсон ажил үйлчилгээг гүйцэтгүүлэхээр сумын Засаг дарга тамгын газрыг бүрдүүлэн ажиллаж эхэлсэн юм. Ингэж ажлын албаа бүрдүүлэхдээ, өөрөөр хэлбэл, сумын Засаг даргын тамгын газрын бүтэц орон тоог Засгийн газрын шийдвэрийг үндэслэн аймгийн Засаг даргын захирамжийн хүрээнд ажилтнуудаа сонгон авч ажиллуулж ирлээ. Өөрчлөн шинэчлэлийн гараанд энэ албыг бүрдүүлэхдээ 1992 оны 10 дугаар сарын эхээр гаргасан аймгийн Засаг даргын 16 дугаар захирамжийг баримталжээ. Энэ захирамжид нийт сумын Засаг даргын тамгын газрын бүтцийг санхүүийн болон ХАА-н тасаг аж ахуйн хэсэгтэйгээр тогтоож өгсөн бол нийгэм, засаг. үйлдвэрлэлийн салбар, хүн амын нягтрал зэргийг харгалзан Булган сумын хувьд ХАА-н тасгийг хэсэг хэмээн нэрлэж 4 орон тоотойгоор, бусад сумын Засаг даргын тамгын газрын санхүүгийн тасагт татварын 1 байцаагч ажиллууулах чиглэл өгсөн бол Булган суманд 5 байцаагчийн орон тоо тогтоож өгсөн. Аж ахуйн хэсгийг бусад сумын адилаар хэсгийн ахлагч-нярав, жолооч, үйлчлэгч, мөн төсөвтөө багтаан зарим ажилчны орон тоог Засаг дарга өөрөө шийдвэрлэнэ гэжээ. Түүнчилэн бусад ажилтнуудын хувьд хөдөөгийн сумдынхаас нэлээд нэмэгдүүлж дотоод ажлын зааварлагч, статистикч-эдийн засагч, хүүхэд, залуучууд эмэгтэйчүүд, ахмадын нийгмийн халамж хариуцсан ажилтан, нийгэм, халамжийн байцаагч-нягтлан бодогч, зах зээл, худалдааны технологи хариуцсан болон байгаль орчны хяналтын байцаагч, бичээч-архив, албан хэргийн эрхлэгч тус бүр 1, нийгмийн халамж, ойн байцаагч 2-3 хүний орон тоотой ажиллах болсон. Аймгийн Засаг даргын дээрх захирамжинд сумын Засаг дарга, орлогч, тамгын газрын даргын ажил үүргийн үлгэрчилсэн хуваарийг хавсралтаар батлан ирүүлснийг мөрдүүлэн ажиллуулж эхэлсэн. Анх тогтоосон энэ бүтцээр Засаг дарга, орлогч, тамгын газрын дарга, санхүүгийн тасгийн даргыг сумын удирдлага хэмээн үзжээ.

           Сумын Засаг даргын тамгын газрын бүтэц, орон тоонд удаа дараа өөрчлөлт шинэчлэл оруулж байсан бөгөөд тухайлбал: 1992 оны захирамжаар тогтоосон бүтцийг 1998 онд үндсэнд нь шинэчилж байсан бол 2000 оны сүүлчээр гаргасан “Сумдын Засаг даргын тамгын газрын орон тооны бүдүүдэвчийн тухай” аймгийн Засаг даргын 359 дүгээр захирамжаар сумдын Засаг даргын тамгын газар 14-15 орон тоотой байна гээд 10 суманд газар тариалангийн бодлого, зохион байгуулагчийн ажлын байрыг бие даалган ажиллуулахаар нэмсний нэгэнд Булган сум орсон байна. Өнгөрсөн хугацаанд сумын тамгын бүтцэд зарим нэг, тухайлбал дотоод ажил хариуцсан ажилны ажлын байрыг нэг үе хассан бөгөөд 2002 оноос дахин бий болгосон, хүүхэд, залуучууд, эмэгтэйчүүд, ахмадын асуудлыг нийгмийн ажилтанд хариуцуулсан зэрэг өөрчлөлт хийгдэж байлаа. 2009 оны эхээр тусгайлан авч үзэж “Булган сумын Засаг даргын тамгын газрын бүтцийг шинэчлэн тогтоох тухай” аймгийн Засаг даргын 27 дугаар захирамжаар сумын Засаг дарга бөгөөд хотын захирагч, засаг даргын орлогч, тамгын газрын дарга бөгөөд ерөнхий менежер, төрийн захиргааны ажил хариуцсан мэргэжилтэн, байгаль орчны хяналтын, мал эмнэлэг, үржлийн хяналтын, хүнс, хүнсний аюулгүй байдал, худалдаа үйлчилгээний хяналтын улсын байцаагч, хөгжилийн бодлого, дэд бүтцийн асуудал хариуцсан түшмэл, газрын харилцааны бодлого хариуцсан мэргэжилтэн, газрын даамал, иргэний бүртгэлийн ажилтан нийгмийн халамжийн байцаагч, нийгмийн ажилтан, архив, албан хэрэг хариуцсан ажилтан, аж ахуй харуцсан ажилтан буюу нярав, үйлчлэгч, харуул, жолооч зэрэг 20 шахам хүний орон тоотой болгосны дээр УИХ, Засгийн газрын тогтоолыг үндэслэн 2010 оны сүүлчээр аймгийн Засаг даргын гаргасан 360 дугаар захирамжаар мал эмнэлэг, үржлийн тасгийг 3 орон тоотойгоор ажиллуулж байна.

            Түүнчилэн тус сумын Засаг даргын тамгын газарт сүүлийн жилүүдэд бий болсон бүтэц, нэг гол үйл ажиллагаа бол “Нэг цонх”-ны үйлчилгээ юм. Анх Швейцарийн хөгжлийн агентлаг, Хүний аюулгүй байдлын судалгааны төв ТББ-ын төслөөр аймгуудад ажиллуулж эхэлсэн энэ үйлчилгээг аймгийн Засаг дарга захирамж гарган 2009 оны сүүлчээр орон нутагтаа нэвтрүүлсэн бөгөөд аймгийн төвийн иргэдийг хүлээн авдаг “Нэг цонх”-ны үйлчилгээ нь Булган сумыг түшиглэн ажиллах нь зүйтэй хэмээн үзсэн байна. Иймд Засгийн газрын 2007 оны 3 дугаар тогтоол, аймгийн Засаг даргын 2010 ны 39 дүгээр захирамжийг үндэслэн сумын Засаг дарга захирамж гаргаж 2010 оны 4 дүгээр сараас эхлэн тамгын газартаа тусгай өрөө тасалгаа гарган ажиллуулж ажил үйлчилгээг нь хэвшүүлээд байгаа нь бусад сумдад үлгэр дууриалалтай арга хэмжээ болсон төдийгүй төрийн байгууллагаас иргэдэд үзүүлэх үйлчилгээний шат дамжлагыг цөөрүүлэн ил тод, хөнгөн шуурхай байдлыг өргөтгөх зорилготой энэхүү “Нэг цонх”-ны үйлчилгээний төвд нийгмийн халамж, нийгмийн даатгал, иргэний бүртгэл мэдээлэл, газрын харилцаа, иргэдийн өргөдөл хүсэлт, мэдээлэл, зөвлөмж, хөдөлмөр эрхлэлт, банкны үйлчилгээг олон нийтэд үзүүлдэг болсон. Ажил үйлчилгээг нь улам боловсронгуй болгохоор 2010 оны 9 дүгээр сард гаргасан сумын Засаг даргын 142 дугаар захирамжаар журам гарган мөрдүүлэн ажиллуулж байна. Энэ журмын дагуу “Нэг цонх”-ны үйлчилгээ авахтай холбоотой мэдээлэл, зөвлөмж, санал хүсэлт гомдлыг төрийн захиргааны ажил хариуцсан мэргэжилтэн хариуцна. Тамгын газрын дарга өдөр тутам удирдлагаар хангана. Төвийн ажил үйлчилгээнийхэн амралтаас бусад өдрүүдэд ажлын цагаар байнга байрлаж иргэдэд үйлчилдэг. Зарим шаардлагатай тохиолдолд уртасгасан болон илүү цагаар ажиллуулна. Иргэд үйлчилгээний болон бусад асуудлаар санал хүсэлтээ энэ төвд тухай бүрт нь биечлэн уулзаж өгөхийн зэрэгцээ санал хүсэлтийн хайрцагт хийсэн байж болно Тэрхүү хайрцгийг 7 хоног бүрийн Баасан гарагт нээнэ. Иргэдээс хүлээн авсан санал хүсэлтийг Засаг даргад танилцуулж хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж байна.

            Булган сумын хамт олон сумын хэмжээнд нэг цонхны үйлчилгээг нэвтрүүлэхээс гадна хуримтлалын бүлэг байгуулах, тамгын газрын нээлттэй өдөрлөгийг зохион байгуулах, ажлын цаг ашиглалтын мэдээлэл бий болгох, ажил албандаа цахим хөтөлбөрийг хэрэгжүүлэх, цэвэр орчин бий болгох, өрхийн амьжиргааг дээшлүүлэх, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, ажлын байрны стандарт батлан мөрдөн ажиллах зэрэг олон үр дүнтэй бүтээлч ажлуудыг өрнүүлж ажилласан.

            Булган сумын Засаг даргын тамгын газар нь одоогоор нийт 45 ажилтан, албан хаагч ажиллаж байгаа бөгөөд улс төрийн албан тушаалтан 8, төрийн захиргааны албан тушаалтан 14, төрийн үйлчилгээний албан тушаалтан 23, гэрээт ажилчид 4 ажиллаж байна. Тамгын газрын бүтцэд нэг цонхны үйлчилгээ, байгаль орчин хяналтын улсын байцаагч, мал эмнэлэг үржлийн тасаг багтаж байгаагаас гадна удирдлага, арга зүйгээр 1, 4, 6-р багийн хөгжлийн төвийг тамгын газрын бүтцэд багтаан ажиллаж байна.

            Сумын ЗДТГ-аас төрийн ажил үйлчилгээг иргэдэд хүргэх ажлын хүрээнд аймаг орон нутгаас зарласан болзолт уралдаануудад тогтмол тэргүүн байранд шалгарахаас гадна 2005 оноос хойш аймгийн хэмжээнд ажил үйлсээрээ бусад сумдаас тэргүүлэн ажиллаж ирсэн бүтээлч, эвсэг хамт олон юм. 2005 оноос хойш сумын ЗДТГ-ын хамт олноос ажил үйлсээрээ шалгарч төрийн шагнал Алтангадас одонгоор сумын Засаг дарга Ө.Хүрэлбаатар, байгаль орчны хяналтын улсын байцаагч Д.Энхтуяа, нягтлан бодогч Г.Сумъяа, Хөдөлмөрийн хүндэт медалиар МЭҮТ-ийн дарга С.Соёлмаа, архив бичиг хэргийн эрхлэгч А.Отгонням, ТЗАХМ Б.Мөнхцэцэг, Засаг даргын орлогч Д.Баасансүрэн, жижүүр Д.Жаргал, жижүүр А.Даваасүрэн нар тус тус шагнагдаж байсан бол Багийн Засаг дарга нараас Хөдөлмөрийн хүндэт медалиар Д.Нарантуяа, Ж.Баасанжаргал, Д.Очирбат, Ж.Уранчимэг нар шагнагдаж байсан. Мөн 2005 онд аймгийн хэмжээнд 4-р багийн Засаг даргаар ажиллаж байсан Ж.Уранчимэг нь тэргүүний багийн Засаг даргаар шалгарсан бол 3-р багийн Засаг дарга Ч.Баттунгалаг 2006 онд аймгийн тэргүүний ажилтангаар шагнагдсан байна.

 

            Булган сумын Засаг даргын тамгын газрын хаяг: Булган аймаг, Булган сум, 5-р баг

            Холбоо барих утас: 70342916, 70342254

            факс: 70342747

            И-мэйл хаяг: bulgansumzdtg@yahoo.com

            Веб сайт: www.bulgan.bu.gov.mn

    Санал асуулга

    Булган сумын ЗДТГ-ын үйл ажиллагаанд үнэлгээ өгнө үү.

    Үр дүнг харуулах

    Вэб холбоос

    Цаг агаар